ГАЗРЫН ГҮНИЙ ДУЛААНЫ ХАЛААЛТЫН СИСТЕМ
Сэргээгдэх эрчим хүчний халаалтын технологиудаас хамгийн өндөр үр ашигтай технологи бол Нөхөн сэргээгдэх нам температурын эх үүсвэртэй халаалтын систем буюу бидний хэлж заншсанаар Газрын гүний дулааны халаалтын систем юм.
Дулааны насосыг Монголд ашиглаж байгаа ихэнх хувилбар нь хөрсний дулааныг илүү ашигласан байдаг. Харин нөхөн сэргээгдэх нам температурын эх үүсвэр нь орчны агаар, гол нуурын ус, үйлдвэрийн ашигласан ус, хүнсний болон барилгын материалын үйлдвэрийн хаягдал уур гэх мэт байж болно. Дулааны насосны технологийн ашигтай байгаа учир нь 1кВт*цаг цахилгаан эрчим хүч зарцуулаад 3-4кВт*цаг дулаан үйлдвэрлэдэгт байгаа юм. Дулааны насос хамгийн гол техникийн үзүүлэлт нь үр ашгийн коэффициент /COP буюу Coefficient of performance/ ба энэ нь 1кВт*цаг цахилгаан эрчим хүчээр хэдэн кВт*цаг дулаан үйлдвэрлэж байгааг илэрхийлэдэг утга бөгөөд одоогоор COP нь 7 хүрээд байгаа билээ. Өөрөөр хэлбэл 1кВт*цаг цахилгаан эрчим хүчээр 7кВт*цаг дулааны эрчим хүч үйлдвэрлэж байна гэсэн үг юм. Энэ нь нам температурын эх үүсвэрийн температураас хамаардаг.
Хамгийн гол нь нам температурын эх үүсвэрээ зөв сонгох, технологийн оновчтой шийдэл гаргах, барилгын дулааны ачаалалыг үнэн зөв тооцох нь дулааны насосыг илүү ашигтай ашиглах боломжыг бүрдүүлдэг. Энэхүү технологийн анхны хөрөнгө оруулалт бусад төрлийн халаалтын системүүдтэй харьцуулбал нилээд их байдаг учраас үнийг буулгахын тулд халаалтын обьектийн дулааны ачаалалыг бууруулах шаардлагатай байдаг. Хөрсний дулааныг ашиглах хувилбар нь өрөмдлөгийн машин механизм, үндсэн болон туслах тоног төхөөрөмж гээд маш их хөрөнгө оруулалт шаарддаг.
Гадна агаарын температур, хөрсний бүтэц, гүний болон гол нуурын ус зэрэг нам температурын эх үүсвэрүүд нь бүс нутаг бүрт өөр өөр байдаг учраас нарийвчилсан судалгааг үндэслэн тухайн байршилдаа хамгийн ашигтай, хамгийн бага хөрөнгө оруулалт шаардах хувилбарыг сонгож суурилуулах боломжтой байдаг учраас мэргэжлийн байгууллагуудын тухайн бүс нутагт хийсэн судалгаа, ижил төстэй ажил хийсэн эсэх, эсвэл мэргэжлийн байгууллагаар тооцоо судалгаа, оновчтой хувилбарыг сонгуулж техникийн шийдэл гаргуулах нь гарч болох санхүүгийн эрсдлээс та бүхийг хамгаалах болно.