Нарны цахилгаан системүүд
Нарны энергийг ашиглан цахилгааны хэрэглээг хангах нь байгальд ээлтэй, бохирдолгүй, ашиглахад хялбар, урт хугацаанд ашиглагдах оновчтой сонголт юм. Харин танд аль систем нь илүү тохиромжтой вэ, батарейтай эсэх ээ шийдэх хэрэгтэй. Дараа нь өөрийнхөө цахилгааны хэрэглээнд үндэслэн оновчтой чадлаа тодорхойлох нь чухал байдаг. Иймд нарны цахилгаан системүүдийн төрлийн тухай товч мэдээлэл хүргэж байна.
Нарны цахилгаан системийг тоног төхөөрөмжийн онцлог, бүрэлдэхүүн хэсгүүд, төвийн цахилгаан эрчим хүчний систем ба хэрэглэгчтэй хэрхэн холбогдсон байдлаар нь бие даасан /off-grid/, төвийн цахилгаан эрчим хүчний системтэй зэрэгцээ ажиллах /on-grid/, хосолсон байдлаар ажиллах /hybrid/ гэж ангилдаг.
- On-grid буюу төвийн Цахилгаан эрчим хүчний шугамтай зэрэгцээ ажиллах систем
Системийн онцлог нь эрчим хүчээ нөөцлөх батарейгүй, нартай үед нарны эрчим хүчээс үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ өөртөө хэрэглэж илүүдэл цахилгаанаа төвийн шугамд нийлүүлдэг. Мөн дутагдсан цахилгаан эрчим хүчээ төвийн шугамаас авах зарчимаар ажилладаг. Өөрөөр хэлбэл нартай үедээ нарны цахилгаан системээсээ, наргүй буюу шөнийн цагаар төвийн шугамаас цахилгааны хэрэглээгээ хангаад явна гэсэн үг. Энэ систем нь ашиглахад хялбар, хүний оролцоо шаардлагагүй бүрэн автомат ажиллагаатай.
Гол хэрэглэгчид:
Төвийн цахилгаан эрчим хүчний шугамд холбогдсон хот суурин газрын бүхий л хэрэглэгчдэд тохирсон систем бөгөөд, ялангуяа өдрийн хэрэглээ өндөр байдаг оффис, айл өрхүүдэд илүү их хэмнэлт хийх боломжийг олгодгоороо давуу талтай.
- Off-grid буюу бие даасан систем
Өдөр нарнаас ирсэн эрчим хүчээ шууд ашиглах мөн батарейндаа эрчим хүчээ нөөцлөн шөнийн хэрэглээнд ашиглах боломжийг олгодгоороо давуу талтай нарны цахилгаан хангамжийн бие даасан систем. Цахилгаан хуримтлуур буюу батарейтай тул анхны хөрөнгө оруулалт өндөртэй байдаг. Түүнчлэн батарейг дулаан орчинд хадгалах шаардлагатай бөгөөд хасах температурт хадгалах нь ашиглалтын хугацааг бууруулдаг.
Гол хэрэглэгчид:
Энэ төрлийн системийгтөвийн цахилгааны шугамаас алслагдсан айл өрхүүд, малчид, зарим шатахуун түгээгүүр, жуулчны баазууд, тариаланчид, мод үржүүлгийн газар, худаг, усалгааны системзэрэгт түгээмэл ашигладаг.
- Hybrid буюу хосолмол систем
Төвийн цахилгааны шугамтай зэрэгцээ болон бие даасан байдлаар хослон ажиллах нарны эрчим хүчний систем. Цахилгаан хуримтлуур буюу батарейтай тул анхны хөрөнгө оруулалт өндөртэй түүнчлэн батарейг дулаан орчинд хадгалах шаардлагатай бөгөөд хасах температурт хадгалах нь ашиглалтын хугацааг бууруулдаг.
Гол хэрэглэгчид:
Энэхүү систем нь эрчим хүчний тасралтгүй байдлыг хангах шаардлагатай онцгой обьектууд буюу эмнэлэг, банк, дата төв, харуул хамгаалалтын систем зэрэгт нөөц /generator/ цахилгаан эрчим хүчний эх үүсгүүрийг ажиллаж эхлэх хүртэл цахилгаан эрчим хүчний тасралтгүй найдвартай байдлыг хангах зорилгоор ихэвчлэн ашиглагддаг.