БАРИЛГЫН ДУЛААНЫ АЛДАГДАЛ
Бидэнд халаалт хэрэгтэй тэгвэл халаалтаа яаж шийдэх вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Цахилгаан халаагуур, шинэ зуух гээд л халаах хэрэгсэлээ авах гэж байна уу?
Гэхдээ халаалтын системээ төлөвлөхийн өмнө байшингийнхаа талбайг мэдэхээс гадна хаших хийцүүд буюу хана, шал, цонх, хаалга, дээвэрийнхээ материалыг мэдэх хэрэгтэй. Үүнд үндэслэн дулааны ачааллаа тодорхойлж, тохирсон чадал бүхий халаалтын системийг сонгоно. Ингэснээр хөрөнгө оруултын хувьд оновчтой болох, ашиглалтын зардалыг хэмнэх зэрэг давуу талтай.
ТАЛБАЙГААС УУ? МАТЕРИАЛААС УУ?
/Та бүхэн халаалтын зуух, цахилгаан халаагуурын сонголт хийхээр худалдагчаас асуухад “ТАНАЙ БАЙШИН ХЭДЭН МЕТР КВАДРАТ ВЭ?” гэж асууж байсантай их таарсан байх. Тэгвэл та бүхэнд барилгын дулаан ачаалал болон халаалтын системийн сонголтыг хэрхэн зөв оновчтой хийх талаар энгийн жишээгээр ойлгомжтой тайлбарлахыг хичээлээ/
Энэ хоёр аяга хэлбэр хэмжээ, хийцийн хувьд өөр өөр байгаа ч эзэлхүүний хувьд ижилхэн юм. Нэг нь шаазан аяга, нэг нь дулаан тусгаарлагчтай, тагтай төмөр аяга. Эдгээр аягануудад дүүрэн халуун ус хийе гэж бодьё. Тэгвэл аль нь түрүүлж хөрөх вэ?
Мэдээж таггүй шаазан аяганы ус түрүүлж хөрнө шүү дээ. Яагаад гэвэл альваа материал нягт ихтэй байх /тоосго, бетон гэх мэт/ тусмаа дулаан дамжуулалт ихтэй байдаг буюу дулаанаа хурдан алдана. Мөн дулаан шууд алдагдах зай завсар ихтэй үед хурдан дулаанаа алдана.
Энэ 2 аягатай усны температурыг тогтмол байлгахын тулд ямар давтамжтайгаар халаах шаардлагатай вэ?
Дулаан тусгаарлагчтай аяганы ус удаан хөрөх учраас халаах давтамж нь бага байна. Харин шаазан аягатай ус хурдан хөрөх учраас ойр ойрхон халаах шаардлагатай болно.
Нийтлэг алдаа гэвэл иргэд аягаа /байшингаа/ дулаалахгүйгээр аль болох хурдан, сайн халаах /халаалтын системийн чадлаа нэмэгдүүлэх/ талаар л ажил хийгээд байдаг. Бид үүнээс барилгын талбай, эзэлхүүнээс биш харин дулаан тусгаарлах материалаас хамааруулан барилгын дулааны ачаалалыг тодорхойлж халаах хэрэгсэлийн /цахилгаан халаагуур, нам даралтын зуух, сэргээгдэх эрчим хүчний халаалт/ чадлыг сонгох ёстойг харж болно. Мөн дулаан нөөцлүүр бүхий халаалтын систем нь цахилгаан халаагуур ажиллах цагийг багасгадаг учраас цахилгаан эрчим хүчний хэмнэлтийг бий болгодог.
Барилгын дулааны ачаалалыг дулаан тусгаарлах материалд үндэслэн зөв тооцсноор халаалтын системийн тоног төхөөрөмжийн чадлыг зөв сонгох, халаалтын системийн анхны хөрөнгө оруулалтаа оновчтой гаргах, эрчим хүчний хэмнэлт хийх зэрэг ач холбогдолтой байдаг.
БАЙШИНГАА ДУЛААЛЖ АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛЦГААЯ!!!